Нэг. Шалгалтын зорилго

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Зэрэг сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаа, төрийн өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, хадгалалт, хамгаалалтын байдал, төсөв санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллахад оршино.

Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Г.Өөдэй, улсын ахлах байцаагч Ц.Цэцэнхараацай, Ж.Цэнд-Аюуш, Улсын байцаагч Ц.Бадрал, Д.Болормаа П.Мягмартүвшин дотоод ажилтан Н.Балт нар 2019 оны 11 сарын 28-нээс 12 сарын 05-ны хооронд хяналт шалгалтаар ажиллав.

Гурав. Шалгалтанд хамрагдсан асуудал 

Тус байгууллагуудын 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагааг Монгол улсын санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, үндсэн баримт материал, тайлан тэнцэлд тулгуурлан явуулав.

Дөрөв. Шалгалтанд хамрагдсан обьектын талаарх товч мэдээлэл

Тус байгууллагууд нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Монгол улсын бусад хууль эрхзүйн актуудыг удирдлага болгон ажил үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэн улсын төсвөөс батлагдсан төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, эргэлтийн хөрөнгийг олж бэлтгэн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилттой ажиллаж иржээ.

Шалгагдах хугацааны хөрөнгийн эрх захирагчийн нэгдүгээр гарын үсгийг Засаг дарга Д.Октябрь, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Азбилэг, ЗДТГ-ын дарга М.Баярт, сургуулийн захирал, Н.Галаа, Цэцэрлэгийн эрхлэгч , Ц.Жигдбаяр, ЭМТ-ийн эрхлэгч эмч М.Отгончимэг, Соёлын төвийн эрхлэгч Д.Зоригтбал, хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч Б.Үүрийнтуяа, Д.Ганхишиг, Б.Сарангэрэл, Н.Очирбат нар зурж хөрөнгө мөнгийг захиран зарцуулж, Санхүүгийн албаны дарга А.Нарандэлгэр, төрийн сангийн мэргэжилтэн Д.Сэлэнгэ нар хяналт тавин ажиллаж ирсэн байна.

Тав. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал

Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрч байна.

5.1 Сум хөгжүүлэх сан

1.2017 онд олгосон зээлдэгч нар зориулалтын бус үйл ажиллагаа явуулахгүй  байна гэсэн шалтгаагаар Э-ны суран эдлэл, Г-ын сайн чанарын хуц, ухна нийлүүлэх, Э нь хөх тариа зориулалтын бус үйл ажиллагаа явуулж аймгийн аудитын газраас жилийн эцсийн аудитаар акт тавигдсан зөрчилтэй байгаа ч улирлын чанартай үйл ажиллагаа явж байгаа актыг барагдуулаагүй байна.

2.Сумын хэмжээнд нийт 18 зээлдэгчийн 54.500,0 мянган төгрөг хугацаа хэтэрсэн, 1 зээлдэгч суманд байхгүй үйл ажиллагаа явуулахгүй, 3 зээлдэгч үйл ажиллагаа явуулаагүй улиралын чанартай, 8 зээлдэгчийн 2011-2016 оны зээл 45,1 мянган төгрөг хугацаа хэтэрсэн байгаад гэрээний дагуу алданги ноогдуулан тооцоогүй нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 1.2,  3.1.2, 1.7 дахь заалт, Сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээний 2.2, 7.1.1, 7.1.3, 9.2.2, 9.2.4 дэх заалтуудыг,

3.Төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа сумын иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах ажлыг зөрчиж 2017 онд Засаг даргаар ахлуулсан зөвлөлийн шийдвэрээр олгосон нь 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтын 3.5.1. дахь заалтыг тус тус зөрчиж байна.

 Шалгалтын хугацаанд сангаас зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүйд 18 иргэнд ноогдуулсан алдангийн 3146916 төгрөгийн улсын байцаагчийн акт тогтоон барагдуулахыг үүрэг болголоо.

5.2. Орон нутгийн хөгжлийн сан

2018 онд сумын иргэдийн нийтийн хурлаас санал авч эрэмбэлсэн боловч Хүний хөгжил-Тээлийн ирээдүй хөтөлбөрт 8653,5 мянган төгрөг, Зэрэг хүчтэн хөтөлбөрт 1500,0 мянган төгрөг зарцуулсан, 2018 онд сумын иргэдийн нийтийн хурлаас санал авч эрэмбэлээгүйгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхижуулахад зориулж 2017 онд 3000.0 мянган төгрөг, 2018 онд 2000.0 мянган төгрөг баталж зарцуулсан, Иргэдийн санал авч эрэмбэлэгдээгүй, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой урсгал болон хөрөнгийн зардалд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг батлан зарцуулсантай холбоотой 2016 онд 11194.0 мянган төгрөг, 2017 онд 1450.0 мянган төгрөг, 2018 онд 15653,8 мянган төгрөг тус тус зарцуулсан, 2018 оны 12 сард 27-ны А/124 тоот Засаг даргын захирамжаар Гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө ирсэн бичигт үндэслэн ОНХС-аас 5000,0 мянган төгрөгийн тэжээл авсан боловч уг тэжээлийг үнэ тогтоон малчдад зохих ханшаар олгоогүй багийн дарга нар малчин айл өрхөд үнэгүй тараасан, хогийн цэгийн 10.0 сая төгрөгийн ажил хүлээн авсан комиссын актгүй, ажлыг хэдий хугацаанд хийх талаар хугацааг гэрээнд тусгаж  дүгнээгүй, хийгдэж байгаа ажлын үе шатны дараалалгүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ

5.3 Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Азбилэгийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн албан томилолтын хуудсыг эрх бүхий албан тушаалтан хаагаагүй байхад томилолтын тооцоог бодож олгосон, анхан шатны баримтгүйгээр албан томилолтын зардал олгосон, томилолтын хуудасны тэмдэглэлд Ховд аймгийн Засаг даргын гарын үсэг зурагдаагүй, Засаг даргын тамга дарагдсан. Эрх бүхий албан тушаалтнаар албан томилолтоор ажилласан тухай тэмдэглэл хийлгээгүй зөрчил байна.

Төсвийн тухай хуулийн 3.1 /Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна/-д гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 /Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй/ -д гэж заасан байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нь дундаа 1 хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдүүлж ажиллаж байгаа нь хууль, эрхзүйд нийцэхгүй байна.

5.4 Засаг даргын тамгын газар

Шатахууны тооцоог алдаатай бодсон, жолоочийн тооцоог үнэн зөв бодож баталгаажуулаагүй, няравын тайланг стандартын дагуу гаргаагүй, Санхүүгийн тайлангаас бараа материалын тайлан зөрүүтэй, Шалгалтаар 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн засаг даргын  А/43 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй багийн засаг дарга нарт тус бүрт нэг удаагийн тэтгэмж, урамшуулал нийт 540000 /Таван зуун дөчин мянга/ төгрөгийг олгосон, 2017 оны 10 дугаар сарын 19 өдрийн төлбөрийн даалгавар дээр Б-д  жирэмсэн амаржсаны тэтгэмж 1953126 төг олгохоос 1891252 төг олгож, 61,874 төг дутуу тооцож олгосон, нийгмийн бодлогын ажилтан нь 2018 оны 8 дугаар сарын 27, 2018 оны 9 дүгээр сарын 06 өдрийн Ховд аймгийн төвд томилолтоор ажилласан томилолтын хуудасны хоног засвартай, гарын үсэг хуурамчаар үйлдэж 58000 төгрөг, Нягтлан бодогч Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02 өдрийн Ховд аймгийн төвд томилолтоор ажилласан томилолтын дуудсан бичиг, тайлан , томилолтын хуудас  байхгүй 118000 төгрөг нийт 176000 төгрөг олгосон, Няравын дансаар баримтгүй хийсэн 2018 оны  12 дугаар сарын 25 өдрийн  417600 төгрөг, 2018 оны  06 дугаар сарын 13 өдрийн 620000 төгрөг, 2018 оны  06 дугаар сарын 26 өдрийн 121500 төгрөг,  2018 оны  04 дугаар сарын 19 өдрийн 323730 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 02 өдрийн 100440, нийт 1583270 төгрөгийн зөрчил гаргасан, Ховд Некст элекроникс салбарын 5029771996 тоот дансруу 2018 оны 03 сарын 29 өдрийн гүйлгээ болох 118000 төгрөгийг данс андуурч шивсэн, 2018 оны жилийн эцсийн тайланд авлагаар тусгаагүй, Багийн засаг дарга нарын албанд өгсөн тус бүр нь 2299990 төгрөгийн үнэтэй нийт 11499950 төгрөгийн үнэ бүхий мотоциклыг хөрөнгөнд бүртгэж аваагүй, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 26 ны А/133 тоот тогтоолийн биелэлтийг хангаагүй зэрэг зөрчилийг арилгах,

Хөндлөн багийн засаг дарга нь 2018 онд Аймгийн ЗДТГ-аас  албанд өгсөн 2299990 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг зарсан. Ажил хүлээлцсэн ажлын хэсгийхэнд хариуцлага тооцож ажиллах.

2018 оны 12 сард худалдан авсан тавилга эд хогшилийг хүлээн авсан актыг 2019 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллоготой хамт хийж ирүүлэх.

Харин дугуй аккумлятор зэрэг хугацаатай эд ангийг тавьж олгохдоо стандартын дагуу гүйлт, норм нормативыг тооцоогүй, зарим албан томилолтын зардлыг бүрдэл болоогүй баримтаар олгосон, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, бүртгэлээр тавих хяналт сул, төрийн сангийн мэргэжилтэнгийн хяналт сул байна

5.5 Тээлийн элч ОНӨААТҮГ

2017-2018 онд нярав тайлан гаргаагүй, анхан шатны баримт дутуу үйлддэг, аж ахуйн зарим материал, болон нормын сүү зарлага болгоод шаардах хуудас дутуу бичдэг, шатахуун зарцуулаад замын хуудас болон явсаныг нотлох анхан шатны баримтгүй, Айл өрх бүртэй нэг бүрчлэн тооцоо хийж сар улирал жилийн эцэст авахаар авлага дансанд тусгаагүй, Ховд Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд Сургалтын зардалд 2018 оны 12 сарын 02 нд 1000,0 мянган төгрөгийг шилжүүлсэн бөгөөд анхан шатны баримт бүрдээгүй, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан байгууллагын ажилчид сургалтанд суугаагүй байхад авахаар авлага дансанд тусгаагүй, буцаан тооцоо хийгээгүй.

5.6 Эрүүл мэндийн төвийн төсвийн зарлага санхүүжилтийн талаар

Зарим ажилчдад ээлжийн амралттай байх хугацаанд амралт цалин давхардуулсан, амрах хоногийг дүн бүртгэгч буруу тооцож илүү болон дутуу тоолж амралтын мэдэгдэх хуудас олгосон А,В,С үнэлгээг авсан оноонд харгалзуулан тооцоогүй, ээлжийн амралттай байх хугацаанд үр дүнгийн урамшуулал олгосон, 2018 онд тендерийн эм, эргэлтийн эмийн сан, ЭМГ-аас эмийн үлдэгдэлийг авах авлага, бусад зардлын тооцооны авлагагүй өр төлбөргүй тендерийн нийт эмийн үлдэгдэл тайлан баланс 3566753 төгрөг байхад 1976222 төгрөгийг шууд зардалд тусгасан, 2019 оны 12 дугаар сарын байдлаар тендерийн эмийн агуулах складны үлдэгдэл тооллогын комиссоор 7754441 төгрөгний үлдэгдэлтэй, бага үнэтэй түргэн элэгдэх төрхийн эм боох болон ариутгал бодис нэг удаагийн тайланг эмийн бараа материалын тайланд тусгаагүй шаардахаар зарлагдаагүй  шууд тайлагнасан, 2018 онд 346432 төгрөгийн цалингийн авлагыг тооцон баталгаажуулаагүй цалингийн сангийн хэмнэлтийг илүү шилжүүлсэн зэрэг зөрчлүүд байна.

5.7 Ерөнхий боловсролын сургууль

Сургуулийн захирлаар ажиллаж байсан болон захиралд 2016, 2017 онуудад мэргэжлийн зэргийн нэмэгдэлд 521081 төгрөг олгосон, Багш Т-д Мэргэжлийн зэрэг илүү тооцон олгосон, ур чадварын нэмэгдэл илүү тооцон олгосон, Захиралд амралт, цалин давхардуулан г олгосон, Нярав, Бичиг хэрэг, Эмч нарт Захирлын тушаалаар ур чадварын нэмэгдэл илүү тооцон олгосон, Багш Б-д 2018 оны 12 дугаар сард тушаал шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл олгосон, Багш С-т “Заах аргач” зэрэгтэй байхад “Тэргүүлэх” зэргээр тооцон нэмэгдэл олгосон, Багш Б-д мэргэжлийн зэрэггүй байхад зэргийн нэмэгдэл олгосон, сахилгын шийтгэлтэй ажилтнуудад Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшуулалд 1620000 төгрөг олгосон, Ц-д 2017 оны 04,05 дугаар саруудад мэргэжлийн зэргийн нэмэгдлийг дутуу олгосон, Захирлын тушаалаар замын зардал, ажлын хөлс, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх зэрэг хөрөнгө зарцуулахдаа анхан шатны баримтын бүрдэл хангаагүй байхад гүйлгээ хийсэн, албан томилолтонд бичилт хийгдээгүй байхад томилолтын зардал олгосон, Автомашинд 3500000 төгрөгөөр хөдөлгүүр, аккумлятор, бусад сэлбэг хэрэгсэл олгохдоо норм тооцож тооцоо бодоогүй, комиссын дүгнэлт гаргаагүй, зэрэг зөрчлүүд илэрлээ.

5.8 Хүүхдийн цэцэрлэг

Хүүхдийн хоолны цэсийг тайланд хавсаргаагүйгээс хоолны материалын зарлагад хяналт тавих боломжгүй, ажиллагсдын цагийн бүртгэлийг буруу зөв бүртгэсэн, бүртгэлийн дагуу илүү цагийн хөлс олгоогүй, ЗДТГ-ын санхүүгийн албаны нягтлан бодогчид Цэцэрлэгийн төсөвт төсөвлөгдөөгүй, үр дүнгийн урамшуулалын 311356 төгрөг олгосон,  Цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны А/558 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад сахилгын зөрчилтэй хугацаанд нэг удаагийн тэтгэмж урамшуулалын 270000 төгрөг олгосон,Цэцэрлэгийн арга зүйчид хөдөө орон нутгийн нэмэгдэлд 362077 төгрөг олгосон, Багш У-д мэргэжлийн нэмэгдлийг 2017 оны 10-12 саруудад  олгоогүй, цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны Б/03 тоот тушаалаар олгох нэмэгдлийг олгоогүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

5.9 Соёлын төв

Соёлын төвийн 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд оролцсон ардын авъяастан 10 хүнд тус бүрт 70000 /Далан мянга/ төгрөг олгоход соёлын төвийн ажилтан Э, Д, Т, У нарт олгосон, Сумын шинэ жилийн сүлд модны наадмыг зохион байгуулахад оролцсон баг, байгууллага хамт олон, хүмүүсийн урамшуулалд 1664440 төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан, Томилолтоор ажиллахдаа албан томилолтын  хуудасгүй, томилолтоор ажилласан илтгэх хуудас бичиж хэвшээгүй, шатахууны зардлын тооцоо бодоогүй, жолоочийн замын хуудас хөтлөөгүй,
2016, 2017, 2018 онуудад ажилчдын цалин хөлс бодохдоо цагийн бүртгэлийг хянуулж, батлуулаагүй байгаа зэрэг анхан шатны баримтын бүрдэл дутуу зөрчлүүд байна.

Шалгалтаар нийт сумын хэмжээнд 96 хүнтэй холбоотой 16693313 төгрөгийн зөрчил илрүүлж, 10930514 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 5762799 төгрөгийг тухайн байгууллагын төсөвт оруулахаар шийдвэрлэж, улсын байцаагчийн 28 акт, 1 албан шаардлага тус тус бичлээ.

ХОВД АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА