Нэг. Шалгалтын зорилго

Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд болон бусад эрхзүйн актуудын хэрэгжилтийн байдал, төсөв гүйцэтгэл, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Хяналт шалгалтыг аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Өөдэй ахлан, улсын байцаагч Д.Болормаа, Ц.Бадрал нар 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Гурав. Шалгалтанд хамрагдах асуудал

  • Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газрын орлогын бүрдүүлэлт, төрөл, үр дүн, зарцуулалт;
  • Гадаадын иргэн, харьяалалгүй иргэдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, түүнтэй холбоотой тооцоо;
  • Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилт;
  • Харилцах, кассаас зарцуулсан мөнгөний баримтын бүрдэл, хууль, эрхзүйн үндэслэл, зарцуулалт, үр дүн, тайлан гаргалт;
  • Санхүүгийн үйл ажиллагааны явц, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг бүртгэлд тусгасан байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт;
  • Өр авлагын барагдуулалт, үүссэн өр авлагыг данс бүртгэлд тусгасан эсэх;
  • Шалгагдах байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсний тогтоолт, тооцоололт, олголтын байдал, баримтын бүрдэлт, зарцуулалт, тооцоо бодолт;
  • Улсын төсөв, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, хандив, зээл тусламжийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгийн зориулалт, зарцуулалт, тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд тусгасан байдал, ашиглалт, үр өгөөжийн байдал;
  • Хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн;
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан гэрээ, түүний хэрэгжилтийг дүгнэсэн байдал;
  • Өмнө хийгдсэн шалгалтууд, төлбөр зөрчил, түүний барагдуулалт;
  • Тулгарч буй асуудлыг дүгнэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг засаж сайжруулах;

Дөрөв. Шалгуулагч байгууллагын талаарх товч мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын баруун бүс дэх газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Хилийн боомтын тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг удирдлага болгон иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилт дэвшүүлэн ажиллаж иржээ.

Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газар нь баруун бүс болох Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Тайлант онд тус газар нь 42 албан хаагчийн орон тоотойгоос 37 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс суралцах чөлөөтэй 1 албан хаагч, Зүүн бүсрүү 1 албан хаагч, Ерөнхий газарлуу 1 албан хаагч шилжсэн, 1 албан хаагч тэтгэвэрт гарсан, 1 албан хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.

Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газрын орлогын бүрдүүлэлт, төрөл, үр дүн, зарцуулалтын талаар:

Франц Улсын 1 иргэнд J ангилалын нэг удаагийн орох виз, БНХАУ-ын 1 иргэнд Т ангиллын олон удаагийн гарах-орох виз, 1 иргэнд B ангиллын олон удаагийн орох виз, Казакстан улсын 3 иргэнд Н ангиллын нэг удаагийн гарах-орох зориулалттай виз, 1 иргэнд О ангилалын нэг удаагийн гарах-орох зориулалттай визийн шилжүүлэг нийт 3 орны 7 гадаадын иргэнд визийн шилжүүлэг хийсэн байна.

Үүнээс Булган боомтод үнэгүй виз-7ш, визийн шилжүүлэг 1ш-32000 төгрөг, цагаач иргэн 1 удаагийн гарах, орох виз 1ш-36000 төгрөг, нэг удаагийн орох виз 486ш-52488000 төгрөг, 6 сараас 1 жилийн олон удаагийн виз 4ш-1008000 төгрөг, нийт 499 виз олгож, 53564000 төгрөг төвлөрүүлжээ.

Жаргалант суманд үнэгүй виз-2ш, цагаач иргэн 2 удаагийн гарах, орох виз 1ш-18000 төгрөг, оршин суух зөвшөөрөлтэй нэг удаагийн гарах, орох виз 31ш-1674000 төгрөг, оршин суух зөвшөөрөлтэй 2 удаа гарах, орох виз 2ш-162000 төгрөг, нийт 36 виз олгож, 1854000 төгрөг төвлөрүүлжээ.

Боршоо боомтод 2 нэг удаагийн орох виз 2ш үнэгүй олгогдсон байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үнэгүй виз 67ш, цагаач иргэн 1 удаа гарах, орох виз 2ш-72000 төгрөг, Нэг удаагийн гарах, орох виз 28ш-3024000 төгрөг, нийт 97 виз олгож, 3096000 төгрөг төвлөрүүлжээ.

Цагаан нуур боомтод үнэгүй виз-64ш, цагаач иргэн 1 удаагийн гарах, орох виз 1ш-36000 төгрөг, нэг удаагийн дамжин өнгөрөх виз 13ш-936000 төгрөг, нэг удаагийн орох гарах виз 39ш-4212000 төгрөг, хувийн хэргээр зорчих виз 1ш-162000 төгрөг, нийт 118 виз олгож, 5346000 төгрөг төвлөрүүлжээ.

Тус газраас гадаадын иргэдэд тавих хяналт шалгалтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2 удаа, төлөвлөгөөт хяналт шалгалтыг 9 удаа, иргэн, аж нэгж, байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтыг 4 удаа, Баян-Өлгий аймгийн Тагнуул, Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг 2 удаа, Ховд аймгийн Тагнуулын газартай хамтарсан хяналт шалгалтыг 1 удаа баруун бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт явуулж, 3026 гадаадын иргэний бичиг баримтанд хяналт шалгалт хийж ажилласан байна.

Тайлант хугацаанд нийт 132 гадаадын иргэнд 25,650,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.           

Үүнээс Ховд аймагт – 5,780,000 төгрөг

Баян-Өлгий аймагт – 24,370,000 төгрөг

Говь-Алтай аймагт – 1,590,000 төгрөгийн хүү торгуулийн орлого тус тус төвлөрүүлжээ.

Бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн АНУ-ын 3, Итали Улсын 1, Казакстан улсын 55 иргэн, нийт 59 гадаадын иргэнийг 6,070,000 төгрөгөөр, оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн Казакстан улсын 2, АНУ-ын 1 иргэн, нийт 3 гадаадын иргэнийг 300,000 төгрөгөөр,  паспорт, пасспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн БНХАУ-ын 25 иргэнийг 2,500,000 төгрөгөөр, нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн БНХАУ-ын 21 иргэнийг 2,100,000 төгрөгөөр, оршин суух хугацаа хэтрүүлсэн Казакстан улсын 4, харьяалалгүй 1 хүн, нийт 4 гадаадын иргэнийг 3,540,000 төгрөгөөр, визийн хугацааг хэтрүүлсэн Казакстан улсын 11, Турк улсын 1, БНХАУ-ын 4, ОХУ-ын 2, Япон Улсын 1 иргэн,  нийт 17 гадаадын иргэнийг зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслэн 11,140,000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуужээ.

Тайлант хугацаанд нийт 11 аж ахуйн нэгжид 6,090,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнд: 

Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй 2 ААН, байгууллагыг 5,000,000 төгрөгөөр, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн 3 ААН, байгууллагыг 560,000 төгрөгөөр, визийн байх хугацааг хэтрүүлсэн 6 ААН, байгууллагыг 530,000 төгрөгөөр зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.2-т заасныг үндэслэн торгож, шийтгэл ногдуулсан байна

Тайлант хугацаанд Бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн Казакстан улсын 8 иргэн, визийн хугацаа хэтрүүлсэн Казакстан улсын 17 иргэн, нийт 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн шийтгэл хүлээх нас буюу 16 насанд хүрээгүй тул шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэж ажилласан байна.

2018 онд Гадаадын иргэн харьяатын газрын баруун бүс дэх газар нь улсын төсвийн 608085.9 мянган төгрөгийн санхүүжилтээр ажил үйлчилгээ явуулахаар төлөвлөж, гүйцэтгэлээр улсын төсвөөс 606787.0 мянган төгрөг зарцуулж, батлагдсан төсвийг 1298.8 мянган төгрөгөөр хэмнэжээ.

2018 онд нийт зардлын 73.5%-ийг цалин хөлсөнд, 8.9%-ийг НДШ-д, 3.2%-ийгбайр ашиглалттай холбоотой тогтмол зардалд, 7.5%-ийг хангамж, бараа материалын зардалд, 1.7%-ийг эд хогшил, урсгал засварын зардалд, 0.8%-ийг томилолтын зардалд, 1.5%-ийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжинд, 2.4%-ийг бараа үйлчилгээний бусад зардалд, 0.5%-ийг ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшууллын зардалд зарцуулжээ.

ТАВ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал

Автомашинд дугуй, аккумлятор, бусад сэлбэг хэрэгсэл олгохдоо норм тооцож тооцоо бодоогүй, комиссын дүгнэлт гаргаагүй нь, Мэргэжилтэн А-д 2018 оны 5 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд цалин давхардуулан илүү олгосон, Жолооч Н-д 2018 оны 3 дугаар сард ур чадварын нэмэгдэл тушаал шийдвэрээс илүү тооцон олгосон, Үйлчлэгч, Н-г ТҮ-3-2 дугаар шатлалаар тооцон 480829 төгрөг илүү олгосон, шатахууныг бараа материалын тайланд тусгахдаа тоо хэмжээгээр орлого авалгүй мөнгөн дүнгээр /1 ширхэгээр/ орлого авсан, шатахуун, түлш, томилолт зэрэг зардуулдыг няраваар дамжуулан зарцуулахдаа анхан шатны баримтын бүрдэл хангаагүй гүйлгээ хийсэн, зарим ажилчдад томилолтоор ажилсан хугацаанд хоолны хөнгөлөлт давхардуулан олгосон, ажилчдад ээлжийн амралттай байх хугацаанд амралт цалин давхардуулсан, 2018.12.18-ний Б/08 тоот газрын даргын тушаалаар А,В,С үнэлгээг авсан оноонд харгалзуулан тооцоогүй, үр дүнгийн гэрээгээр С үнэлгээтэй дүгнэгдсэн байхад үр дүнгийн урамшуулал тус тус олгосон, сүлжээ баригч модемны үнийг шилжүүлж тухайн сардаа орлого авч шууд зарлагдан, тайлан баланст хөрөнгөөр тусгаагүй, хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагаас бараа материал худалдан авахдаа орлогын албан татвар суутган тооцоогүй, суутгасан боловч төсөвт төвлөрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

    Шалгалтаар 51 хүнтэй холбоотой 4823475 төгрөгийн зөрчил илрүүлж 3102189 мянган төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод оруулахаар 4ш улсын ахлах байцаагчийн акт, 208886 төгрөгийн цалин хөлс буцаан олгуулахаар 1ш улсын ахлах байцаагчийн акт, 1512400 төгрөгийн хөрөнгө данс бүртгэлд тусгуулахаар 1ш улсын ахлах байцаагчийн акт бичсэн.

ЗУРГАА. Дүгнэлт

Нягтлан бодох бүртгэлийг НББОУСтандартын дагуу хөтөлж, цаг хугацаанд нь тайлагнаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган ажилласан байна.

Анхан шатны баримтын бүрдэл дутуу, хөрөнгө орлогод аваагүй, Засгийн газраас тогтоосон цалингийн шатлал мөрдөөгүй, үр дүнгийн урамшуулалт цалин, нэмэгдэл цалингг илүү олгосон, унаа хоолны хөнгөлөлтийг давхардуулан олгосон, шатахууны зардлыг няраваар дамжуулан зарцуулсан зөрчлүүд байгааг арилган, холбогдох хууль журмын хэрэгжилтэнд анхаарч ажиллах нь зүйтэй.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА