Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 21 аймгийн удирдлагуудад Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудал, цаг үеийн ажлын мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгч, санал солилцох зорилгоор цахим хурал хийлээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мал төллөлт, хаврын тариалалтын ажилд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ой хээрийн түймэр, шар усны үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Мөн хаврын цасан болон шороон шуурга, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчдыг бага насны хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.