Аймгийн Засаг даргаар ахлуулсан Дотоод аудитын хороог 2018 оны 11 сарын 06-ны өдрийн А/684 тоот захирамжаар 7 хүний бүрэлдхүүнтэй байгуулж 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг батлуулан, тухайн жилд шалгагдсан 63 байгууллагын шалгалтын дүн мэдээг 5 удаагийн хурлаар улирал бүр хэлэлцүүлж хорооны хурлын тэмдэглэл 5, тогтоол шийдвэр 12-ыг гаргаж биелэлтийг тооцон ажиллаж байна.


Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан уг хорооны 5 дахь удаагийн хурал 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 10 цагт эхэлж 16 цаг хүртэл хуралдан Санхүүгийн хяналт аудитын албаны 4-р улиралд шалгагдсан Манхан сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны, Мөнххайрхан сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны, Алтай сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны, Зэрэг сумын төсөвт байгууллагуудын 2016-2018 оны, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017-2018 оны, Гадаадын иргэн харьяатын баруун бүс дэх газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн болон өмнө шалгагдсан 4 байгууллагын акт, албан шаардлагын биелэлт, иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны ажлын тайлан, 2020 онд Сум болон төсөвт байгууллагуудад хийгдэх шалгалтын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Тус хуралдаанаар сум болон байгууллагуудад хийгдсэн шалгалтаар тогтоосон улсын байцаагчдын акт албан шаардлагыг баталгаажуулж, 2020 онд аймгийн төвийн 16 төсөвт байгууллага, 7 сумын 52 төсөвт байгууллага, Сангийн яамны удирдамжаар 2 төсөвт байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төлөвлөгөөг баталсан байна. Дээрх сум болон байгууллагуудад хяналт шалгалтаар улсын байцаагчийн тогтоосон акт, албан шаардлагыг хугацаанд нь биелүүлэх санхүүгийн зөрчил дахин давтан гаргахгүй байх, гаргасан тохиолдолд хариуцлага тооцон ажиллах талаар зөвлөмж тогтоолыг гаргаж хүргүүлэхийг хорооны нарийн бичгийн даргад үүрэг болгохын зэрэгцээ 2 байгууллагатай холбоотой өргөдөл гомдлын шалгалтын дүн мэдээг Ховд аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн албанд үргэлжлүүлэн шалгуулахаар тус тус шийдвэрлэлээ.