Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 5 дугаар сард Эрдэнэбүрэн сумын төсөвт байгууллагууд, Дуут сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.

            Мөн Ховд аймгийн Прокурорын газартай хамтран хорих 457 дугаар ангийн хоригдлуудын цалин хөл олголтод хяналт шалгалт хийх, Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хүлээн авах зэрэг ажлын хэсгүүдэд орж ажилласан байна.

            Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудаас дурдвал:

Эрдэнэбүрэн сумын хувьд:

Эрдэнэбүрэн сумын 2016-2019 онуудын төсөвт байгууллагуудад хийсэн шалгалтаар  өвс тэжээлийн үнийг авахаар байгаа боловч өвсний тооцоо бодоогүй, авахаар авлага дансанд тусгаагүй, 2017 оны 12 сард төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн урамшууллыг даргын тушаалаар арга хэмжээтэй ажилтнуудад олгосон, суудлын автомашинд дугуй, аккулятор, бусад сэлбэг худалдан авахдаа ажилласан хугацааг тооцоогүй, жолоочийн тооцоо бодоогүй, замын хуудсанд үндэслэлгүйгээр километрийг илүү бичсэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолгүйгээр хөрөнгө бэлтгэж, орлогод авсан, цайллага, хүлээн авалтанд төсвөөс үргүй зардал гаргасан, зарим нэр бүхий ажилтанд амралт цалинг давхардуулан олгосон, тушаал шийдвэргүйгээр ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл олгосон, цалин хөлсийг буруу тооцож олгосон, төсвийн тухай хууль зөрчиж төсвийн байгууллагаас хандив тусламж олгосон, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, шууд болон шууд бус орлогоос татвар суутгаагүй, эмийн тайлан гаргаагүй, 2019 онд дотуур байрны хүүхдийн хоолны талонд 4883775 төгрөгийн хүнсний материалыг хүүхдийн ирцийн бүртгэлээс илүү тооцон бичсэн, хоолны зардлын нормативээс хэтрүүлэн зарцуулсан, хөрөнгө дутагдуулсан, Захиралаар ажиллаж байсан О нь удаа дараа хамаарал бүхий гэр бүлийн хүний /нөхрийн/ Хөшөөн бэл ХХК-д бараа материалын үнэ шилжүүлсэн боловч, бараа материал нийлүүлэхдээ няравд 6 удаагийн 2037500 төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгөөгүй, төсөв хохироосон, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт дүрэм журмуудыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Эрдэнэбүрэн суманд хийсэн шалгалтаар сумын хэмжээнд 203 хүнтэй холбоотой 63357712 төгрөгийн зөрчил илрүүлж 32328765 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 11162915 төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар, 813170 төгрөгийг буцаан олгохоор, 19052862 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд оруулахаар тус тус шийдвэрлэж, улсын ахлах байцаагчийн 38 акт тус тус тогтоосон байна.

Эрдэнэбүрэн сумын төсөвт байгууллагууд, сангуудын үйл ажиллагаанаас дүгнэн үзэхэд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд чанартай хийгдээгүй, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, сангийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан, цалин хөлсийг хууль, дүрэм журмын хүрээнд бодож олгоогүй, 12 жилийн сургуульд анхан шатны баримтгүй байхад гүйлгээ хийсэн, Сургуулийн захирлаар ажиллаж байсан О нь өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид удаа дараа бараа материалын үнэ шилжүүлсэн, бараа материал дутуу нийлүүлсэн, няравын тайланг 2 жил гаргаагүй зэргээс харахад санхүүгийн үйл ажиллагаа, дотоод хяналт хангалтгүй байна.

Төрийн сангийн мэргэжилтэн, санхүүгийн албаны дарга нар төсвийн байгууллагуудын гүйлгээ хийхдээ төрийн сангийн хяналтыг хууль эрх зүйн хүрээнд тавиагүй, анхан шатны баримт байхгүй, бүрдээгүй тохиолдолд гүйлгээ хийдэг, төсвийн тухай хууль зөрчсөн гүйлгээг хийсэн зэрэг нь төрийн сангийн хяналт хангалтгүй, сул байгааг харуулж байна.

Иймд: Төрийн сангийн мэргэжилтэн Б.Хишигтогтох, Санхүүгийн албаны дарга А.Бадамсүрэн, Сургуулийн нягтлан бодогч Б.Энхбат нарт хариуцлагын арга хэмжээ тооцох, Сургуулийн нярав Ш.Баттөмөр нь няравын ажлын байранд тэнцэхгүй байгаа тул холбогдох арга хэмжээ авахуулах, Сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Отгонхишиг болон холбогдох албан тушаалтны гаргасан зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Дуут сумын хувьд:

Дуут сумын 2016-2019 онуудын төсөвт байгууллагуудад хийсэн шалгалтаар  ОНХС-ийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, анхан шатны баримтгүйгээр албан томилолтын мөнгө олгосон, 2017 оны 12 сард төрийн албан хаагчидад олгох нэг удаагийн урамшууллыг даргын тушаалаар арга хэмжээтэй ажилтнуудад олгосон, суудлын автомашинд дугуй, аккулятор, бусад сэлбэг худалдан авахдаа ажилласан хугацааг тооцоогүй, жолоочийн тооцоо бодоогүй, замын хуудсанд үндэслэлгүйгээр километрийг илүү бичсэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолгүйгээр хөрөнгө бэлтгэж, орлогод авсан, цайллага, хүлээн авалтанд төсвөөс үргүй зардал гаргасан, зарим нэр бүхий ажилтанд амралт цалинг давхардуулан олгосон, тушаал шийдвэргүйгээр ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл олгосон, цалин хөлсийг буруу тооцож олгосон, шууд болон шууд бус орлогоос татвар суутгаагүй, түлээ, түлш, эмийн тайлан гаргаагүй, хүнсний материалыг орлогод бүрэн тусгаж аваагүй, авлагаар бүртгээгүй, хөрөнгө данс бүртгэлд тусгаагүйархив, албан хэрэг хөтлөлтийн стандарт дүрэм журмуудыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Дуут суманд хийсэн шалгалтаар 167 хүнтэй холбоотой 44968415 төгрөгийн зөрчил илрүүлж 31338309 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 11321000 төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар, 1553106 төгрөгийг буцаан олгуулахаар, 756000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэж, улсын байцаагчийн 48 акт тус тус бичсэн байна.

Дуут сумын төсөвт байгууллагууд, сангуудын үйл ажиллагаанаас дүгнэн үзэхэд анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, сангийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан, цалин хөлсийг хууль, дүрэм журмын хүрээнд бодож олгоогүй, 12 жилийн сургууль нүүрсний тооцоо бодоогүй, худалдан авсан нүүрсээ хүлээн аваагүй, тэтгэвэрийн насанд хүрсэн, тэтгэмжээ авсан, өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон 3 байгууллагын 4 ажилтныг ажиллуулсан зэргээс харахад санхүүгийн үйл ажиллагаа, дотоод хяналт хангалтгүй байна.

Ховд аймгийн Хорих 457 дугаар ангийн хоригдлуудын цалин хөлсний талаар Прокурорын газартай хамтран хяналт шалгалт хийж, тайлан материалыг Ховд аймгийн прокурорын газарт хүргүүлж ажиллалаа.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА